Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газар өмчлөлийн хуулийн хугацааг 10 жилээр сунгалаа.       Дуудлага худалдааны анхны үнийг буурууллаа.       Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны байршлуудыг батлууллаа.      Зуслангийн ногоон бүсэд иргэдэд зориулсан мэдээллийн самбаруудыг байрлуулна.      Газрын төлбөрийн Ландпэй програмыг нэвтрүүлнэ.       Олон улсын ISO стандарт нэвтрүүлнэ.      Газар өмчлөлийн аяныг дахин зохион байгууллаа.       Бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлт хийгдэж байна.       “Газрын зөрчил арилгах” арга хэмжээг зохион байгуулж байна.       “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг эхлүүллээ.       Хороо бүрийг альбомжуулна.      “Нийслэлийн Газрын албаны онлайн харилцагчийн үйлчилгээ”-г нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.       Газрын харилцаа хэлэлцүүлгийг дүүрэг бүрт зохион байгуулж байна.     

Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуунтай ярилцлаа.

-Юуны өмнө та өнгөрсөн онд нийслэлийн Газрын албаны хийсэн бодитой, үр дүнтэй ажлуудыг танилцуулахгүй юу?

-Өнгөрсөн онд бид нэлээд ажил хийлээ. Эхний ээлжинд дундын мэдээллийн санг бий болгосон. Үүний тулд газрын мэдээллийн сангийн суурь баазыг өргөжүүллээ. Мөн улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа авто замууд, сургууль, цэцэрлэгүүдийн газрыг чөлөөлснөөр бүтээн байгуулалтын ажил хийгдэх үндсэн нөхцлийг бүрдүүлсэн. Өмнө нь он дамжин газар чөлөөлөлт хийдэг байсан бол 2017 онд төлөвлөсөн бүх газрыг чөлөөлсөн. Тухайлбал, Толгойтын 3.6 км автозамд 30 жил ямар ч засвар хийгээгүй учраас зорчиход маш хэцүү байсан. Энэ замын газрыг бүрэн чөлөөлж зургаан эгнээ, гурван метр өргөн, явган хүн зорчих хэсэгтэй болгож, гэрэлтүүлэг суурилуулж өнгөрсөн намар хүлээлгэн өгсөн.

Мөн зүүн аймгуудыг чиглэх замын хөдөлгөөний урсгалыг сайжруулахад хамгийн ач холбогдолтой Баянзүрхийн товчооноос Налайх, Чойрын уулзвар хүртэлх авто замын газрыг бүрэн чөлөөлсөн.

Энэ мэтчилэн иргэдийн эрүүл аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө өөрсдийн зүгээс хийх ёстой ажлаа хугацаанд нь бүрэн дуусгалаа.

-Газар өмчлөлийн ажил нэлээд хэл ам дагуулдаг. Энэ онд ямар төлөвлөгөөгөөр ажиллах вэ?

-Газар өмчлөлийн ажлыг нэлээд урагшлууллаа. Нийслэлийн захирамжит бүх ААН, байгууллагын мэдээллийг цахим хэлбэрт оруулсан. Ингэснээр иргэдэд архивын үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэлгүй үзүүлэх боломжтой болж байна. Дараагийн шатанд “Хорооны төлөвлөлт-Хотын хөгжил” уралдааныг зохион байгуулж, хороо бүрт тулгамдсан асуудлуудыг хариуцсан мэргэжилтнүүдээр судлуулан ямар шийдлээр төлөвлөх боломжтойг тодорхойллоо. Бид өнгөрсөн жил дотоод ажилчдынхаа дунд энэ сэдвээр уралдаан зохион байгуулсан. Манай мэргэжилтнүүд нэг, нэг хороог сонгон авч судалгаа, тооцооллыг бүрэн багтаасан төлөвлөлтийг хийсэн. Уралдааны үр дүнд эхний ээлжинд Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо, Чингэлтэй дүүргийн 12-р хороог сонгон авч Газар зохион байгуулалтын жишиг төлөвлөлт хийлээ. Энэ мэтээр цаашид бүх дүүргийг хамруулан хороо бүрээр төлөвлөлт хийх замаар хотыг хөгжүүлэх гарц байна гэдгийг бид олж харсан юм.

Мөн энэ уралдааны явцад тухайн хороонд байгаа төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллага, сургууль, цэцэрлэгийн талбайг тусад нь тодорхойлж, ААН-үүдийн газрыг бүхэлд нь бодитоор бүртгэж илүү талбай хашсан байвал зохих төлбөрийг авч, баталгаажуулсан. Статистик үзүүлэлтийг хүн амдаа тулгуурлаж гаргасны дүнд нэг хорооны иргэдийн хэд нь сургуулийн өмнөх насных, хэд нь ахмад настан, ажилгүй хэчнээн хүн байгаа вэ гэд­гийг тодорхойлж чадна. Улмаар тэр хороонд хэдэн хүүхдийн сургууль, цэцэрлэг шаардлагатай вэ гэх мэт харьцуулалтыг гаргах боломжтой болж байна. Энэ нь хотын ажилд тун чухал нөлөөтэй юм.

Түгжрэлгүй гудамж хөтөлбөрийн хүрээнд замбараагүй, дур мэдэн нийтийн эзэмшлийн зам талбай, орц, гарцыг хаасан хашаа, хаалт, ТҮЦ, чингэлэг гэх мэтийг чөлөөлөх ажлыг зохион байгууллаа. Энэ ажлыг иргэд маш ихээр дэмжиж, биднийг мэдээллээр хангасан. Үүний үр дүнд тун бодит үр дүн гарсан гэж үзэж байна.

Мөн энэ ажилтай уялдаад иргэн, ААН-үүд гадуураа том том хашаа бариад иргэдийн зорчих хэсгийг хаасан, харагдах орчингүй болгодог байдал байж болохгүй гэж үзээд цэгцлэх ажлыг эхлүүллээ. Тухайлбал, сургууль, цэцэрлэг, консул, ЭСЯ, томоохон хотхонууд хашаатай байж болно. Тэрнээс биш барилга барьсан л бол түүнийгээ том хашаагаар халхалж, иргэдийн чөлөөтэй, аюулгүй зорчих байдалд саад учруулдаг байж болохгүй. Үүнийг бид цэгцлэхээр төлөвлөөд байна.

-Ер нь иргэддээ чиглэсэн ажлуудыг түлхүү авч хэрэгжүүлж байгаа юм байна. Газрын эрхийг өмнө нь таван жилээр сунгадаг байсныг 15 жилийн хугацаагаар олгодог болсон. Ингэснээрээ иргэд болон байгууллагуудад ямар боломжийг бүрдүүлж байгаа юм бэ?

-Газрын тухай хуульд газар эзэмших эрхийг 15-60 жилээр олгоно, нэг удаа сунгах хугацаа нь 40 жил байна гэж заасан. Гэвч өнгөрсөн хугацаанд нэг, эсвэл 1.5, үгүй бол таван жилээр сунгадаг байсан. Харин өнгөрсөн оноос хуульд нийцүүлэн 15 жилээр сунгадаг болсон. Ингэснээрээ нэгдүгээрт, иргэн, ААН, байгууллагууд байсхийгээд газрын хугацааг сунгах гэж Газрын алба руу хандахгүй болно. Хоёрдугаарт, газрын үнэ цэн нэмэгдэнэ. Жишээ нь, нэг компани өөрийн газар дээрээ гаднын хөрөнгө оруулалтаар бизнес хийх гэтэл эрх нь таван жил, эсвэл 15 жил байх уу гэдгээс шалтгаалж хөрөнгө оруулалтын хэмжээ өөрчлөгдөж болно. Нэг үгээр иргэдийн хөрөнгийг баталгаажуулж байгаа юм.

-Нийтийн эзэмшлийн зам талбайд газар олгохыг зогсоохоор шийдвэрлэсэн. Тэгвэл өмнө нь газрын зөвшөөрөл нэгэнт олгочихсон, тэр нь олон нийтийн эрх ашигт нийцэхгүй байгаа газруудыг яах вэ?

-Иргэдээс энэ талаар маш олон санал, гомдол ирдэг. Бид иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй. Өнгөрсөн хугацаанд иргэд хэзээ цонхыг нь таглаад барилга босгочих бол гэсэн айдастай амьдарч байсан. Энэ айдсыг үгүй хийхийн тулд орон сууцнуудын дунд орон сууц, оффисийн зориулалттай барилга босгохыг хориглосон. Мөн сургууль, цэцэрлэгийн газраас бусдад олгосон байвал түүнийг хүчингүй болгож эхэлсэн. Жишээ нь, Сонгинохайрхан дүүргийн 99, 113 дугаар цэцэрлэгийн газар, мөн тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн газрыг буцааж өгсөн. Сүхбаатар дүүрэгт 29 дүгээр тусгай сургуулийн газарт олголт хийсэн байсныг мөн цуцалсан. Энэ ажил цаашид ч үргэлжилнэ. Харин энэ ажилд иргэд идэвхтэй оролцож, мэдээллээр хангавал бид судалж үзээд үнэхээр хууль зөрчсөн бол хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна.

-Нийслэлд иргэдэд шинээр олгох газар байна уу?

-Нийслэлийн Засаг дарга агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд А/17, А/18 тоот захирамж гаргаж, Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хил хязгаарыг тогтоосон. Өөрөөр хэлбэл, хотын хил хязгаар энэ гэдгийг тогтоочихсон. Үүнээс цааш тэлэх боломжгүй учраас эхлээд хот доторх газраа цэгцлээд авъя, тэрний дараа цааш яаж тэлэх боломжтой болох вэ гэдгийг ярих хэрэгтэй гэж үзсэн. Жишээ нь, бид эхлээд гэрээ сайхан цэвэрлэчихээд хашаагаа цэвэрлэнэ, дараа нь гудамжаа гоё болгоё гэж боддогтой адил. Эхлээд хот доторх эзэмшил газрыг өмчлүүлье, газрын маргаантай асуудлуудыг цэгцэлье, тэрний дараа одоо хаана газар олгох вэ, хотыг хааш нь яаж тэлэх вэ гэдгээ тодорхойлоод дэд бүтэц, сургууль, цэцэрлэг, эрчим хүч, зам гэх мэтийг шийдэх боломжтой бүсүүдэд иргэдэд газар олгоё гэсэн бодлогыг баримталж байна.

Энэ ажилтайгаа уялдуулаад нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд эзэмшил газраа өмчлөх боломжтой иргэдийн судалгааг гаргаж, дэмжлэг үзүүлэх гурван сарын аяныг зохион байгууллаа. Аянаар манай мэргэжилтнүүд өмчлөх боломжтой гэж үзсэн айл бүрт очиж, зөвлөгөө, мэдээллийг өгч, газар дээр нь кадастрын зурагтай тулгалт хийж, зөрчлийг дор бүр нь арилгуулах ажлыг хийсэн. Хэдийгээр богино хугацаатай аян өрнүүлсэн ч 2571 иргэнд газар өмчлүүлж чадсан. Энэ ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулна.

Судалгаанаас харахаар газар өмчлөлийн байдлыг нийслэлийн нийт хүн амын тоонд харьцуулахад 14-15 хувьтай харагдаад байдаг. Гэхдээ ангилж харвал өмчлөх боломжтой газрын хэмжээ маш бага болж байна. Нийслэлийн нийт хороог ангилахад гэр хорооллын суурьшлын бүс үүссэн хэсэгт өмчлөлийн ажил 85-90 хувьтай болсон гэх үзүүлэлт гарч байгаа. Одоо бид үлдсэн 10-15 хувь руу чиглээд ажиллахад л суурьшлын бүс дэх гэр хорооллын газар өмчлөл дуусна гэж дүгнэсэн.

-Цахим өмчлөлийг цааш үргэлжлүүлэх үү?

-Цахим өмчлөлийн ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулъя гэхээр хэд хэдэн хүндрэл гарч ирсэн. Өмнө нь 52 байршилд иргэдэд газар өмчлүүлэх шийдвэр гарч, 44 байршилд газар олгосон. Гэтэл цахим өмчлөлийг хийхдээ цаг хугацаанд баригдаж, байршил бүрийн дэвсгэр зураг дээр нарийн ажиллаж, цэг тэмдэгт бүртэй тулж ажиллахгүйгээр сансрын зургаар шууд тэмдэглээд өмчлүүлчихсэн.

Нэгэнт ийм маягаар өмчлүүлчихсэн газар дээр очиход жалга, гуу, хад чулуу, эсвэл түүхийн олдвор, хэргисүүр таарсан тохиолдол олон гарсан. Мөн цахимаар авсан газар нь дэд бүтэцгүй, цахилгаан, усыг нь шийдээгүйгээс одоо болтол иргэд суурьшиж чадаагүй. Нөгөө газрууд нь дугуйгаар дүүрчихсэн, мал бэлчих ч боломжгүй болсныг бүгд мэдэж байгаа.

Дээр нь цахимаар газар өмчилсөн иргэдийн 30 хувь газар өмчлөлийн шийдвэрээ гардан аваагүй. Энэ мэт асуудлыг хувь хүн, хууль эрхзүй, мэргэжлийн байгууллагын зүгээс хэлэлцэж, шийдвэрлэсний дараа цааш явах хэрэгтэй гэж үзээд түр зогсоогоод байгаа.

-Гэхдээ хүмүүс аль болох хурдхан л газраа өмчлөхийг хүсээд байна. Тэгэхгүй бол хэдэн жилийн дараа газаргүй болно, эсвэл сонголтгүйгээр хамгийн хэцүү хэсэг нь оногдоно гэж болгоомжилж байгаа?

-Би нэг жишээ хэлье. Нэг залуу хос байлаа. Тэд цахим өмчлөлөөр дөнгөж төрсөн хүүхдэдээ газар авчихжээ. Гэтэл тэр газар нь суурьших боломжгүй уулын налуу байсан учраас тэр чигээр нь орхино. Харин хүүхэд насанд хүрч, гэр бүл зохиох цагт замын улс орны хөгжил дээшилж, хурдны замтай болсон байвал нийслэлд гэхээсээ эрүүл цэвэр, хөдөө нутагт, өөрийн гэсэн газар дээрээ сайхан байшин барьж, орчноо тохижуулаад, үр хүүхдээ эрүүл, цэвэр агаарт амьдруулах хүсэлтэй байлаа. Гэтэл аав, ээж нь түүнийг нэг нас ч хүрч амжаагүй, эрх зүйн чадамжгүй байхад нь газар өмчлүүлсэн. Харин хүн амьдралдаа нэг л удаа газар өмчлөх эрхтэй. Энэ тохиолдолд залуу хэнд гомдох вэ. Тэр үеийн төр засагт уу, эсвэл эцэг, эхдээ юу. Манайхны хаана ч, юу ч байсан хамаагүй гэж боддог яаруу зан хойч үеийн ирээдүйг баллахгүй байх ёстой. Тэгэхээр түр хүлээгээд дэд, бүтэц, эрчим хүч, сургууль цэцэрлэгтэй, төлөвлөгдсөн газарт л суурьшвал илүү хэрэгтэй байх.

-Нийслэлийн Газрын алба улсад тодорхой хэмжээний төсөв бүрдүүлдэг байгууллага. Өнгөрсөн жил хэдэн төгрөг төсөвт төвлөрүүлсэн вэ. Дуудлага худалдаанаас бас орлого төвлөрүүлдэг байх?

-Манай алба улсын төсөвт хэд хэдэн төрлөөр багагүй орлого төвлөрүүлдэг. 2017 онд нийслэлийн төсөвт газрын төлбөрөөс 30.5 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 34.4 тэрбум төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөг 112.9 хувиар давуулан биелүүлсэн. Газрын дуудлага худалдаанаас 3.8 тэрбум төгрөг төвлөрүүлсэн.

Уг нь Газрын алба 2003 оноос дуудлага худалдаагаар газар олгож эхэлсэн. Үүнээс хойш 2015 он хүртэл нэг удаагийн дуудлага худалдаагаар 10-аас доошгүй тооны газрыг зардаг байсан. Гэтэл 2015 онд БХБ-ын сайд байсан Т.Баянсэлэнгийн тушаалаар дуудлага худалдааны анхны үнийг хэт өндөр тогтоосноос болж оролцогчийн тоо эрс буурсан. Нийслэлийн Газрын алба шинэ бүтэцтэйгээр ажиллаж эхэлснээсээ хойш энэ үнийг буулгахаар БХБЯ, холбогдох байгууллагад албан бичиг хүргүүлж, удаан хөөцөлдөж байгаа ч өнөөг хүртэл тодорхой хариу авч чадсангүй.

-2018 онд Газрын алба иргэдэд ойртож ажиллана гэлээ. Энэ чиглэлээр ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ?

-2018 онд бид томоохон зорилго тавьж, зорилтуудаа тодорхойлсон. Бид ер нь иргэдтэй ойр байдаг. Гэхдээ одоо ойртохоос илүүтэй ойлголцохыг зорьж байна. Эхний ээлжид Газрын кадастрын мэдээллийн санг нэлээд боловсронгуй болголоо. Цаашид улсын хэмжээнд нэгдсэн сүлжээнд орж, цогц тогтолцоотой болохоор төлөвлөөд байна.

Мөн олон улсын ISO9001 стандартыг байгууллагын хэмжээнд нэвтрүүлнэ. Өөрөөр хэлбэл, удирдлага болон үйл ажиллагааны менежментийг сайжруулснаараа иргэдэд мэдээллийг ил тод, бодитой, шуурхай хүргэх боломжийг нээнэ гэсэн үг.

Үүний хажуугаар газрын төлбөрийг цахим байдлаар хийх боломжийг ААН, иргэдэд нээж өгч байгаа. Бид газар ашиглалтын төлөвлөгөөг сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдэд бий болгоно. Ингэснээр тухайн байгууллагын хашаанд объектынх нь талбай тодорхой байдаг ч бусад хэсэг нь яг юунд зориулагдсаныг хэлж мэддэггүй. Тэгэхээр газар ашиглалтын төлөвлөгөөгөөр бүх эскизийг нь гарган өгч, тухайн хэсгийн орчныг сайжруулж, цэцэрлэгжүүлэх үүрэг өгнө.

Мөн Газрын сан, Газрын биржийг бий болгоно. Газрын санг үүсгээд эхэлсэн. Хэрвээ банкны шаардлага хангавал иргэдийн амьдарч буй хашаа байшинг газрын санд авна. Ингэснээр улс тодорхой хэмжээний газрын сантай болж, түүн дээрээ нөгөө хүрэлцэхгүй байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлгийг барих боломж бүрдэж байна. Газрын биржийг нэгдүгээр улиралд багтаан хийж дуусгахаар ажиллаж байна.

-Газрын алба хамгийн их хүнд сурталтай, иргэдийг чирэгдүүлдэг газар гэгддэг. Та энэ халуун цэгт ажиллаж байгаа хүний хувьд энэ юунаас болж байна гэж харж байгаа вэ. Энэ байдлыг засах гаргалгааг хийв үү?

-Бид байнгын ачаалалтай ч, иргэдтэйгээ ойр ажилладаг. Нэг жишээ хэлье л дээ. Хотын төвд нэг гайгүй байрлалтай газар байлаа гэж бодъё. Тэр газрыг хэд хэдэн хүн авах сонирхолтой байдаг. Бүгд л авах хүснэ. Гэтэл бид ганц л хүнд тэр эрхийг өгөх ёстой. Ингээд сансрын болон google-ийн зургийг үндэслээд хамгийн удаан амьдарсан хүнд өгдөг. Гэтэл үлдсэн хүмүүс нь би авч чадаагүй, газрын алба л нөгөө танил талдаа өгчихлөө гэж ярьж эхэлдэг.

Энэ мэт нэгэнд нь таалагдаж, нөгөөд нь адлуулсан ажил байдаг юм. Гэхдээ бид тэр бүхнийг зөвхөн олон нийтийн буруу гэхгүй. Бид ч бас ачаалал ихтэй байдгаасаа болоод зан харилцаандаа алдаа дутагдал гаргадгаа хүлээн зөвшөөрч байна. Харин бид энэ байдлыг өөрчлөхөөр иргэдэд нээлттэй үйлчилгээ үзүүлье. Илүү иргэддээ ойртож, ойлголцож ажиллая гэсэн зарчмыг баримталж байна.

Цаашид ч үйлчилгээгээ сайжруулахаар олон арга хэмжээг авч байна. Иргэн ААН-д үзүүлэх үйлчилгээг олон улсын стандартад нийлүүлэхээр ISO9001 стандартыг нэвтрүүлэхээр төлөвлөөд эхний шатны ажлууд хийгдээд эхэлчихсэн. Олон жилийн турш яригдаж ирсэн яриаг бид нэг л өдөр өөрчилж чадахгүй. Бага багаар алхам алхмаар арга хэмжээнүүдийг авч ажиллаж байж л үр дүнгээ өгнө.

-Ярилцсанд баярлалаа.

Хандалт

669374
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
597
1913
11707
669374

Таны IP: 3.82.51.133

Нийгмийн сүлжээ