Нэвтрэх
Бүртгүүлэх

Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газар өмчлөлийн хуулийн хугацааг 10 жилээр сунгалаа.       Дуудлага худалдааны анхны үнийг буурууллаа.       Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны байршлуудыг батлууллаа.      Зуслангийн ногоон бүсэд иргэдэд зориулсан мэдээллийн самбаруудыг байрлуулна.      Газрын төлбөрийн Ландпэй програмыг нэвтрүүлнэ.       Олон улсын ISO стандарт нэвтрүүлнэ.      Газар өмчлөлийн аяныг дахин зохион байгууллаа.       Бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлт хийгдэж байна.       “Газрын зөрчил арилгах” арга хэмжээг зохион байгуулж байна.       “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг эхлүүллээ.       Хороо бүрийг альбомжуулна.      “Нийслэлийн Газрын албаны онлайн харилцагчийн үйлчилгээ”-г нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.       Газрын харилцаа хэлэлцүүлгийг дүүрэг бүрт зохион байгуулж байна.     

Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжснээс хойших 28 жилийн хугацаанд бүтээн байгуулалтын ажлыг багагүй өрнүүлж ирсний ачаар нийслэл хот өнөөгийн өнгө төрхөө олоод буй.

Аливаа хот суурин газрын хөгжлийн түүх ерөнхий төлөвлөгөөгөө нийгмийн хөгжлийн хурдтай хэр сайн нийцүүлж төлөвлөснөөс шалтгаалдаг. Энэ ч утгаар нийслэлд газар зохион байгуулалт эрчимтэй өрнөж дагаад бүтээн байгуулалтын ажил ундарсаар байна. 2018 онд нийслэл хийх бүтээн байгуулалтын ажлын хүрээнд 96 байршилд 1841 нэгж талбарын 220 га газар чөлөөлөхөөр төлөвлөжээ. Үүнд, Сэлбэ болон Баянхошуу дэд төв барихад 807 нэгж талбар, авто зам, замын байгууламжийн 34 ажилд 363, сургууль, цэцэрлэгийн барилгын 36 ажил 464, эмнэлэг, хорооны цогцолбор болон бусад долоон барилга байгууламж барихад 125 нэгж талбарыг чөлөөлөх шаардлагатай байгаа юм. Жил бүрийн тавдугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ны өдрийн хооронд нийслэлийн Газрын албанаас тухайн жилийн батлагдсан төлөвлөгөөний дагуу газар чөлөөлөлт хийдэг бөгөөд энэ жилийн хувьд дээрх газруудыг чөлөөлөх ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна.

Албаны хүмүүсийн хэлснээр газар чөлөөлөх ажилд иргэдийн олонх нь нааштай хандаж буй ч цөөнгүй нь газраа чөлөөлж өгөхөөс татгалзаж байгаа сурагтай. Тиймээс газар чөлөөлөлт хийж буй байршлын нөхцөл байдалтай танилцсан юм. Бидний эхний очсон газар бол Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн автозам хүртэлх 1.4 км авто замын барилгын ажил хийгдэж буй талбай байлаа. Уг зам нь иргэдийн хэлж дадсанчлан зургаан буудлаас Дарь-Эхийн автозамтай хөндлөн огтлолоор огтлолцох тул зуслангийн замын ачаалал саарах сайн талтай аж. Тус замыг ирэх есдүгээр сарын 15-нд улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа бөгөөд одоогоор гүүрний ажил үндсэндээ дуусчээ. Харин баруун, зүүн хэсэг буюу Баянзүрх дүүргийн XXI, Сүхбаатар дүүргийн XIII хорооны нутаг дэвсгэр дэхь 60 орчим айлын газрыг чөлөөлж амжаагүй аж. Хэрвээ дээрх айл өрхтэй ойрын хугацаанд зөвшилцөж чадвал автозамыг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад орох бүрэн боломжтой гэдгийг нийслэлийн Газрын албаны газар чөлөөлөх хэлтсийн мэргэжилтэн М.Ууганбаатар хэлсэн. Ингээд нийслэлийн Газрын албаны газар чөлөөлөх хэлстийн дарга Д.Энхтөрөөс авсан тодруулгыг хүргэе.

Д.Энхтөр: Нийслэлд хийгдэж байгаа бүтээн байгуулалт санхүүжилтийн хоёр эх үүсвэртэй

-Энэ онд нийслэлд хийгдэх бүтээн байгуулалтын хүрээнд 1841 нэгж талбарыг чөлөөлөх юм байна. Газар чөлөөлөх ажил ямар шатандаа явна вэ?

-Ерөнхий төлөвлөгөөний транст орсон айлуудын газрыг чөлөөлөх ажил 60-70 хувьтай үргэлжилж байна. Ирэх сарын 1 гэхэд бүрэн цэгцрэх болов уу.

-Иргэд газраа чөлөөлж өгөхөд нөхөн олговрын асуудал тулгамддаг. Үнэлгээний компаниас үнэлсэн үнэлгээг иргэд хэр хүлээн зөвшөөрдөг вэ?

-Зах зээлийн ханшаар үнэлдэг учир тэр бүр дургүйцдэггүй. Нийслэлд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын санхүүжилтийн хоёр эх үүсвэртэй. Нэг нь Азийн хөгжлийн банк, нөгөөх нь нийслэлийн хөрөнгө оруулалт. Гэтэл иргэд “Азийн хөгжлийн банкныхан газрыг илүү өндөр үнээр үнэлдэг. Харин нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдах бүтээн байгуулалтын нөхөн олговор бага үнэлгээтэй” гэж боддог. Гэтэл бодит байдал дээр яг адилхан үнэлдэг юм шүү дээ. Үнэлгээний компаниуд иргэдийн нэг ширхэг тоосгыг хүртэл зах зээлийн ханшаар нь үнэлдэг.

-Яагаад Азийн хөгжлийн банк илүү өндөр үнэлдэг гэж боддог юм бол?

-Гаднын хөрөнгө оруулалттай учраас тэгж боддог байх.

-Тухайн газрын өмчлөх, эзэмших, ашиглах зөвшөөрлөөс хамаарч үнэлгээ өөр. Эзэмшлийн гэрчилгээтэй айлд нөхөн олговор олгох хууль, эрх зүйн үндэслэл бий юү?

-Хуульд зөвхөн өмчлөлийн гэрчилгээтэй газарт нөхөн олговор олгоно гэж заасан учир эзэмших эрхийн гэрчилгээтэй айлд газрын нөхөн олговор олгохгүй. Харин газар дээрээ үл хөдлөхтэй бол үүнийг нь л үнэлж, нөхөн олговор олгдог. Яагаад гэвэл хувь хүний өмч гэдэг утгаар нь үл хөдлөхөд халдах эрх бидэнд байхгүй. Тиймээс аль болох зөвшилцөлд хүрэхийг хичээдэг. Нөгөө талдаа нийслэлийн хэмжээнд иргэний аж ахуйн чиглэлээр эзэмших гэрчилгээ эзэмшдэг айл цөөн. Ихэнх нь аж ахуйн нэгжүүд.

-Үнэлгээ хийдэг хэдэн компанитай хамтарч ажилладаг юм бэ?

-2017 онд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Энэ дагуу гурван компани шалгарсан.

НИЙТИЙН ЭРХ АШИГ ЧУХАЛ УУ, ЭСВЭЛ

Нэгэн үе бүтээн байгуулалтаар далимдуулж ахиухан орлого олох хүсэлтэй иргэн цөөнгүй байв. Жишээлбэл, 32-ын уулзвараас хүнсний IV дэлгүүрийн уулзвар хүртэл барих автозамыг анх барихад газраа чөлөөлж өгөхгүй гэж гэдийсэн ганцхан айлаас болж зам ашиглалтад орох хугацаа бүхэн бүтэн нэг жилээс хойшилж байсан удаатай. Тэгвэл энэ онд хийхээр төлөвлөсөн ажилд иймэрхүү тохиолдол мэр сэр гарах болжээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн XII, XVI, XIX хороонд цэцэрлэг барихаар төлөвлөж, иргэдийн газрын чөлөөлөх гэсэн боловч бас л хэдэн өрхтэй зөвшилцөж чадаагүйн улмаас цэцэрлэг барих газрын байршлыг гурван удаа өөрчилжээ. Үүнээс гадна Чингэлтэй дүүрэгт мөн л ийм асуудал үүссэн гэсэн. Хэрвээ ийм нөхцөл байдал удаа дараа тулгарвал энэ онд багтааж ашиглалтад оруулах ёстой цэцэрлэг, сургуулийн барилгын ажил хойшлогдож, хүүхдүүдийн эрх ашиг зөрчигдөх эрсдэлтэй гэдгийг албаныхан онцолсон юм.

Гэгээ татуулсан цөөнгүй мэдээ сурвалжлагын үеэр дуулдсан юм. Энэ нь Дарь-Эхийн уулзвараас Ганц худаг хүртэлх 8.6 км автозамын траст нийт 28 айлын газар орсноос гурван айл нь нөхөн олговор авч, бусад нь сайн дураараа буюу нөхөн олговор огт авалгүйгээр газрынхаа тодорхой хэсгийг улсад эргүүлэн өгчээ. Дээрх иргэд энэ тухайгаа “Улсаас зохион байгуулсан бүтээн байгуулалтын ажлыг дэмжих нь иргэн хүний үүрэг” гэж тайлбарласан. Мөн хашааных нь урдуур автозам баригдвал газрын үнэлгээ өсөхөөс гадна тоосжилт багасна гэдгийг ч хэлсэн юм. Uазар чөлөөлөх нөхцөл байдал ямархуу шатанд яваатай танилцахаар очсон дараагийн газар нь Баянгол дүүргийн XXI хорооны нутаг дэвсгэр. Тус хороонд сургууль, цэцэрлэг огт байхгүй учир бага насны хүүхдүүдийн олонх нь гэртээ өнждөг байна. Уг нөхцөл байдлыг улсаас дүгнэж үзсний үндсэн дээр 240 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барихаар төлөвлөж, 16 айлын газрыг чөлөөлөх шаардлагатай гэжээ. Айлуудын үнэлгээг бүрэн хийлгэж дууссан бөгөөд иргэдийн олонхтой зөвшилцөлд хүрчээ. Ингээд газраа чөлөөлж өгөхөөр хамгийн түрүүнд зөвшөөрсөн тус хорооны иргэн С.Мядагмаа гуайтай уулзсан юм. Тэрбээр тус хороонд 30 гаруй жил амьдарч байгаа бөгөөд үр хүүхдийнхээ хамт гурван айлын газартай бөгөөд тэндээ найман нэрийн барааны дэлгүүр ажиллуулдаг юм байна. Түүнд энэ оны гуравдугаар сард “Таны газар 240 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барих төлөвлөгөөний зурваст багтсан тул газраа чөлөөлж өгнө үү” гэсэн мэдэгдэл иржээ. Анх мэдэгдлийг хүлээж аваад хэрхэхээ мэдэхгүй хэсэгтээ сандарсан ч цэцэрлэг байгуулна гэдгийг дуулаад газраа чөлөөлж өгөхийг хамгийн түрүүнд зөвшөөрчээ.

С.Мядагмаа: Хүүхдүүд цэцэрлэгтэй болох гэж байхад гэдийж суух эрх бидэнд байхгүй

-Танайх энэ газартаа 30 гаруй жил амьдарсан юм байна. “Газраа чөлөөлж өгөөч” гэдэг хүсэлтийг хэрхэн хүлээж авсан бэ?

-Эхлээд их сандарсан. Гэтэл 240 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барина гэдгийг мэдээд харин ч баярласан. Манай хороонд сургууль, цэцэрлэг байхгүй учир хүүхдүүд их холоос хичээлдээ явдаг. Өвлийн хүйтэнд цан савсуулаад явахыг харахад сэтгэл ямар их өвддөг гэж санана. Манай энэ байршил дэд бүтэц орох хамгийн боломжтой хэсэг юм билээ. Тиймээс сонгосон гэсэн. Хүүхдүүд цэцэрлэг, сургуультай болох гэж байхад таван төгрөгийн ахиу хараад хойш гэдийх эрх бидэнд байхгүй.

-Хөршүүд тань хэр нааштай хүлээж авч байна вэ?

-Ихэнх нь баярлаж хүлээж авсан. Зөвшөөрөөгүй 2-3 айл бий гэсэн. Тэд удахгүй зөвшөөрөх байх. Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ ямар байгаа билээ. Нийслэлд газрын нөөц хэр билээ. Тиймэээс бүтээн байгуулалтыг дэмжих хэрэгтэй.

-Танайх хашаандаа найман нэрийн дэлгүүртэй юм байна. Дэлгүүрийнхээ газрыг бас чөлөөлж өгөх үү?

-Тэгэлгүй яах вэ.

-Нөхөн олговорт хэр сэтгэл ханамжтай байна вэ?

-Зах зээлийн ханшаас өндрөөр үнэлсэн гэж боддог. Тиймдээ ч сэтгэл ханамж 100 хувь байсан учир газраа чөлөөлж өгөхдөө татгалзаагүй.

ИРГЭДТЭЙ ЗӨВШИЛЦӨХИЙГ ХИЧЭЭДЭГ

Дээр хэлсэнчлэн цөөнгүй иргэн газраа чөлөөлж өгөхдөө хойрго ханддаг байна. Үүний шалтгаан нь эсэргүүцэх тусам үнэлгээгээ өсгөх магадлалтай гэж үздэгтэй холбоотой бололтой юм. Харин энэ талаар нийслэлийн Газрын албаны газар чөлөөлөх хэлтсийн дарга Д.Энхтөр “Иргэд хэчнээн эсэргүүцсэн ч бид хуулийнхаа хүрээнд хүсэлтээ уламжилж, зөвшилцөхийг хичээдэг. Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх 1.4 км автозам барих траст гурван давхар обьект орсон юм. Гэтэл нөхөн олговор нь нэг тэрбум төгрөг гэж гарсан. Зам барих өртөгөөс үнэтэй нөхөн олговор олгох боломж улсад байхгүй. Тиймээс замын трасыг өөрчилсөн. Иргэд бүтээн байгуулалтыг дэмжих хэрэгтэй байна. Зарим нэг нь нааштай хүлээж аван талархаж байхад зах зээлийн ханшаас давсан үнэ нэхдэг иргэд ч бий. Гэхдээ бид тэр бүгдийг шахаж шаардахаас илүүтэй нөхцөл байдлыг ойлгуулахын төлөө хичээдэг. Мэдэгдэл хүргэснээс хойш 3-5 удаа уулздаг. Дараа нь утсаар ярьж тайлбарлаж өгнө. Ингэхээр биднийг ойлгож хүлээж авдаг. Тиймдээ ч бүтээн байгуулалтын ажил эхлээд явж байна” гэсэн юм.

Ямартай ч бүтээн байгуулалт өрнөж байна. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан төлөвлөгөөний дагуу ажил саадгүй үргэлжилбэл энэ ондоо багтаад цөөнгүй сургууль, цэцэрлэг бас автозам ашиглалтад орох нь. Энд нэг зүйлийг цохон тэмдэглэхэд нийслэлийн Газрын албанаас үнэлгээ хийх эрх авсан үнэлгээний компанийн үнэлгээг иргэд хүлээн зөвшөөрөхгүй бол хөндлөнгийн үнэлгээний компаниар дахин үнэлгээ хийлгэх эрх нь нээлттэй байдаг юм байна. Хөндлөнгийн компанийн үнэлгээ хэт өндөр эсвэл хэт бага байна гэж үзвэл мөн л Үнэлгээний хороогоор магадлан үнэлгээ хийлгэж “хайнаа” хагалуулдаг гэсэн. Тиймээс газраа зах зээлийн ханшаас доогуур үнэлүүлэх вий гэсэн айдсаас иргэд ангид байж болох нь. Нөгөө талдаа ардчилсан нийгэмд амьдарна гэдэг нь нэг хүний эрх ашгаас илүүтэй нийтийн эрх ашиг дээгүүр тавигддаг гэдгийг санаж, бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж ажиллабал нийгэмд тулгамддаг олон бэрхшээлийг саадгүй даван туулах зам нээгдэх биз ээ.

“Үндэсний шуудан” сонин 2018.05.30

Хандалт

537581
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
444
2152
13845
537581

Таны IP: 54.81.71.68

Facebook